Хөдөө аж ахуйн их сургууль

 Мал аж ахуй бий болсоноос хойш 40000 шахам жилийн түүхтэй гэдэг бөгөөд үүнийг дагаж малын эмч болон бусад чиглэлийн мэргэжилтнүүд үүсэн буй болсон нь дамжиггүй. Эртний Хүннү гүрний үед (МТӨ 129 он) бичсэн Хятад сударт Монголчууд малын хүйтэн өвчнийг төөнөх, халууныг ханаж хатгадаг тухай, Сяньбийн үед өвдөж зовсонд агь шатааж утах, чулуу халааж төөнөх, өвчилсөн эрхтэнийг ханаж цус гаргах, домнох зэрэг олон аргаар эмчилдэг байсан нь 17-р зууны үед Хятадад нэвтэрч байжээ

Тэрээр монголчууд 19-р зууны сүүлч хүртэл мал арчлах, өсгөж үржүүлэх, тарга хүч авхуулах, өвчилж гэмтэхээс хамгаалж сэргийлэх зэрэг эмчлэх олон хууль, дүрэм, журам гарч байсан байна. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг байгаагүй. 1900 -аад оноос эхэлж Орос улсын малын эмч нарын туслалцаатайгаар мал эмнэлгийн анхан шатны ойлголттой болж эхэлсэн ба 1923 оны 8-р сарын 21-нд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Сонгины буланд байсан “Мялзан эсэргүүцэх станц”-ийг Монгол улсын засгийн газар худалдан авч түүнийг түшиглүүлэн 1928 онд малын бага эмч бэлтгэх сургууль байгуулсан. Мөн ЗХУ-д тодорхой тооны малын их, бага эмч нар бэлтгэгдэн ирж байв. Ер нь шинжлэх ухааны мал эмнэлэг 1913 онд багйуулагдсан нь нэлээд бодитой болж байгаа билээ. Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн хувьд 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад нэг салбар нь болж үүссэнээр эдүгээ 70 насныхаа ойг тэмдэглэж байна. БНМАУ-ын СнЗ-ийн 1940 оны 12-р сарын 6-ны өдрийн 45-р тогтоолоор Монгол Улсын Университет (МУИС)-ыг байгуулах шийдвэр гарч 1942 онд МУИС нь мал эмнэлэг, хүн эмнэлэг, багш нарын факультет гэсэн 3 салбартайгаар нээгдэв. Эхний жил 3 факультетэд 93 оюутан, бэлтгэл ангид 53 оюутан элссэн байна. 1942 оны 10-р сарын 18-нд МУИС-ийн ректорын анхны тушаал гарч нэр дурьдсан 3 факультетэд суралцах оюутныг батлаж, ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтэн багш, илгээсэн лаборатори, тоног төхөөрөмж, сурах бичгийн баазыг ашиглан Улсын их сургуулийн анхны хичээл эхэлжээ. Улсын Университетын анхны 3 факультет нь мал эмнэлэг, тоо, физик, органик хими, органик бус хими, анатоми гэсэн 7 тэнхимтэйгээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Гэгээрлийн яамны сайд Т.Машлай Улсын Университетыг нээж хэлсэн үгэндээ нийслэл Улаанбаатар хотноо Лениний нэрэмжит клубт өнөөдөр 10-р сарын 5-нд БНМАУын үндэсний анхдугаар Их сургууль – Университетыг нээх баярын хурал болж байна гэжээ. Монгол улсын түүхэнд 1921 онд бага сургууль нээгдэж түүхийн анхдугаар хуудас нээгдсэн бол өнөөдөр Ард Улсын Их сургууль нээгдэн байгуулагдаж байгаа нь манай орны түүхэнд энэ өдрөөс эхлэн Үндэсний дээд сургууль байгуулагдсан түүхийн өдөр гэж тэмдэглүүлэхийн учрыг Гэгээрүүлэх Яамнаас толилуулъяа...гэж тэмдэглэж байжээ. Хурлын тэргүүлэгчдэд нөхөр Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Сүрэнжав, С.Янжмаа болон ЗХУаас тус улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайд нөхөр С.Б.Иванов, Тува ард улсаас тус улсад суугаа элчин Л.Кэмчиг, Улсын Университетэд багшлахаар ирсэн дэд эрдэмтэн, доцент С.А.Кудряшов, оюутан Ц.Шаравнямбуу, Б.Дашжамц нарын хүмүүсийг санал нэгтэй сонгожээ. ЗХУ-аас уригдан ирсэн эрдмийн зэрэг цолтой нэр бүхий мэргэжилтэн багш нар хичээл сургалтынхаа ажлыг эхлүүлэх гэж байна гээд нэрсийг танилцуулсан байна. Үүнд: - Органик химийн тэнхмийн эрхлэгчээр профессор, дэд эрдэмтэн Л.И.Каштанов - Биологийн тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент А.Г.Банников - Анатомийн тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент В.И.Топольский - Ерөнхий химийн тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент С.И.Хромов - Физикийн тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент А.Г.Шафигулин - Мал эмнэлгийн тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент С.А.Кудряшав Түүнчлэн багш Н.И.Иванов зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалтын анхны ажлаа эхэлжээ. Улмаар 43 онд доктор, профессор С.И.Абакумов, А.С.Кашмянов, дэд эрдэмтэн, доцент И.Б.Вейцман, доцент Г.И.Крылов, ургамал судлаач А.А.Юнатов, газарзүйч Э.М.Мурзаев, мэс засалч С.Н.Анфиголов нарыг нэмж багшаар ажиллуулсан байна. 1944 онд мал эмнэлгийн факультетаас зоотехникийн ангийг тусгаарлаж дахин факультет болгосон байна. Ингэснээр хоёр факультеттэй болов. Элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутны стипендийг бусад салбарынхаас 25 хувиар илүү олгож суралцах хугацааг малын эмчийг 5 жил, зоотехникчийг 4 жил байхаар тогтоожээ. Анх 1946 онд 16 малын их эмч, нэг зоотехникч төгсжээ. МУИС-ийн мал эмнэлэг, зоотехникийн факультетийг 1946-1957онд 230 малын их эмч, 128 зоотехникч төгссөн байна. 1947 онд тус сургуулийн аспирантурт элссэн С.Сосорбарам мал эмнэлгийн тэнхимд, П.Шинжээ, Н.Ишээ нар мал эмнэлгийн дотрын өвчний тэнхимд, Б.Яринпил малын халдварт өвчний тэнхимд аспирантар суралцаж, П.Шинжээ 1952 онд Москвад “Монгол адууны ходоодны шүүсний байдал, тэжээл арчилгааны онцлогоос хэрхэн өөрчлөгдөх тухай” сэдвээр, Ц.Тойвгоо “Үхрийн духны яс ба эвэрлэг зүйл нь насаа дагаж хэрхэн өөрчлөгддөг тухай” сэдвээр, Ц.Жамъянжав Ленинградад “Сарлагийн эргүү өвчний шинж тэмдэг ба мэс заслын эмчилгээ” сэдвээр дэд эрдэмтний зэрэг тус тус хамгаалсан. 1946 онд малын их эмч мэргэжилтэй төгссөн онц сурлагатан Б.Балжинням нэг номерын диплом авч байсан ба хожим ХААЯ-ны сайдаар ажиллаж байсан. Анхны 16 төгсөгчөөс С.Сосорбарам Соёлын яам, Гадаад явдлын яамны сайд, МАХН-ын Төв Хорооны гишүүн, элчин сайд, Ц.Жамъянжав МУИС-ийн МЭФ-д багш, декан, 1958 оноос ХААДСийн анхны захирлаар томилогдон 1983 он хүртэл ажилласан. Төрийн соёрхолт Б.Яримпил МЭФ-ийн халдварт өвчин, микробиологийн тэнхимд багш,тэнхмийн эрхлэгчээр, Ч.Пүрэвжав Завхан аймгийн мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчээс эхлээд МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажилласны дараа Барилгын цэргийн удирдах газрын даргаар томилогдон хошууч генерал цол авч байсан бол Б.Дэжид Төв аймгийн Баянзүрх суманд малын эмчээр ажиллаж байгаад сум нэгдлийн, Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, дэслэгч генерал цолтой ажиллаж байв. Монгол улсад бүртгэгдсэн 6 нээлтийн 4-ийг нь малын эмч нар хийсэн байдаг. Үүнд: Анхны нээлтийг Ч.Дамдинсүрэн (Д.Ганболдын хамт) “Хурга, ишигний цус төлжүүлэх дархлааны тогтолцооны эсийг микоплазм эмгэгшүүлэх үзэгдэл”, Х.Тумбаа, М.Даш, Д.Нямаа, Ж.Мягмар нар “Амьтны биед ургамлын алклойдын эсрэг дархлаа үүсэх үзэгдэл”, Ц.Тойвгоо “Монгол үхрийн насны краниологийн үзэгдлүүд”, Г.Цэвэгмид, Ц.Цэндсүрэн нар “Монгол адууны ям өвчний өвөрмөц үзэгдлүүд” бүтээлээрээ тус тус тодорсон. Мал эмнэлгийн факультетийг төгссөн малын эмч нараас мал эмнэлэг, биологи, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын шинжлэх ухаан, боловсрол, хөдөө орон нутгийн үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажиллаж алдар гавъяагаа цуйраатуулсан олон мэргэжилтнүүд байна. Малын эмч нарын дотроос ШУА-ын гишүүн академичаар Ц.Тойвгоо, Х.Цэрэв, Л.Балдандаш, М.Төмөржав, Мө.Даш, Д.Цэрэндорж, Б.Бямбаа нар сонгогджээ. Малын эмч Ч.Цэрэндаш, Ч.Дамдинсүрэн, Б.Кукэ, А.Содномдаржаа, А.Ёндондорж, А.Магаш, Р.Санжаатогтох, Ш.Дэмбэрэл, Я.Нямаа, Р.Даваа, Н.Эрдэнэцогт, Д.Ганболд, Д.Оргил, П.Энхтуяа, Г.Батцэцэг, Ц.Володя, Ч.Тунгалаг, Д.Нармандах, П.Болормаа, Н.Алтанхуяг, З.Батсүх, Б.Болдбаатар нарын шинжлэх ухааны олон доктор төрөн гарсны гадна С.Содномдаржаа, О.Бирзана, Д.Дагдаа, У.Чойжоо, Д.Лхасүрэн, С.Доржпүрэв, П.Бор, Д.Цэрэнбалжир, Ж.Уртнасан, Р.Содномдаржаа, С.Андрей, Н.Дамбий, Б.Баатар, Н.Цэдэв, Х.Гүржав, Б.Цогтгэрэл нарын 160-аад малын эмч дэд докторын зэрэг хамгаалжээ. Малын ахмад эмч профессор Б.Яринпил, академич Ц.Тойвгоо, дэд эрдэмтэн Ж.Цэрэндэндэв, Л.Дашдаваа, Б.Баатар, Д.Дандий, Н.Дашцэрэн, Т.Доржготов, шинжлэх ухааны доктор Н.Базарцэрэн, академич М.Төмөржав, профессор Н.Эрдэнэцогт, шинжлэх ухааны доктор Н.Алтанхуяг, дэд эрдэмтэн Ж.Мягмар, малын их эмч Н.Цодоо, Л.Пэрэнлэй нарын 20 гаруй мэргэжилтэнд Монгол Улсын Төрийн Шагнал хүртээжээ. Малын их эмч Л.Пэрэнлэй Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар гэдэг өндөр алдар цол хүртсэн байна. Малын их эмч С.Пүрэвдорж, Х.Аюурзана, Д.Базаржав, А.Сэр-Од, А.Ёндондорж, С.Бямбаа, Б.Бямбаа, Р.Содномдаржаа, Ш.Цэрэндорж, Д.Доржсүрэн нарын 20 гаруй мэргэжилтэн Монгол Улсын Малын Гавъяат эмч болсон бол профессор Ш.Цэрэнпунцаг, Р.Даваа нар гавъяат багш, академич М.Төмөржав, Д.Цэрэндорж нар Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, малын эмч Т.Гантөмөр Аж Үйлдвэрийн Гавъяат ажилтан, Н.Дэрийлаа, М.Намжил нар гавъяат эдийн засагч болжээ. Малын их эмч нарыг бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх шинэчлэх, ном сурах бичиг, гарын авлага, лавлах зохиход ихээхэн хүч оюунаа зарцуулсны учир ахмад багш Ц.Жамъяанжав, Ц.Тойвгоо, Б.Яринпил, Н.Ишээ, Ч.Цэрэндаш, Д.Дагдаа, Мө.Даш, М.Төмөржав, Б.Кукэ, Д.Пүрэвжав, С.Доржпүрэв, Ц.Ламжав, А.Содномдаржаа, Р.Даваа, Ш.Цэрэнпунцаг, А.Содномдаржаа, Х.Гүржав, А.Магаш, Р.Санжаатогтох, С.Андрей, Н.Дамбий, Д.Оргил, Ч.Тунгалаг, Ж.Батаа, Ц.Батчулуун, Г.Гэрэлцэцэг, П.Болормаа, С.Бүрэнжаргал,С.Ганбат, Ч.Цогттуяа, Л.Одсүрэн, Б.Цогтгэрэл нарын олон малын эмч багш нар профессор, дэд профессор цол хүртсэн байна. Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийг 1946-2011 оны байдлаар 65 удаагийн төгсөлт хийхэд 4530 мал эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөн гараад байна. Мал эмнэлгийн факультетийг 1942 онд анхны элсэлт хийснээс хойш эдүгээ 70 дахь жилтэйгээ учирч байна. Манай сургуулийг БНХАУ, БНАСАУ, ОХУ, Лаос, Камбож, Вьетнам, Унгар, Болгар, Казакстан зэрэг улсын 300-аад оюутан магистрант, аспирантууд төгсөөд байна. Мал эмнэлгийнфакультет үүсэн байгуулагдаж малын их эмч бэлтгэж ирснээс хойшхи 70 жилд Монголын мал эмнэлгийн сургалт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес нь Монголын нүүдлийн мал аж ахуйн түүхэнд байгаагүй амжилтанд хүрч тус орны мал сүрэгт ихээхэн хохирол учруулж малчин өрхийн мал сүргийг бүхэлд нь ашиг шимийг нь бууруулах буюу үхүүлж, хотыг нь харлуулж, цэлийг нь хоосруулж байсан үхрийн мялзан цээж, хонь ямааны цэцэг, ясааны годрон зэрэг өвчин үндсэндээ устаж, шүлхий, галзуу, боом зэрэг гоц халдварт өвчний тархалт эрс буурсан. ХААДСийн Мал эмнэлгийн факультет 2001 онд бие даасан бүрэлдэхүүний сургууль буюу Мал Эмнэлэг, Биотехнологийн Сургууль нэртэй болсноос хойш сургалтын ая тохитой орчин бүрдүүлэх байр байшингаа засаж тохижуулах, орчин үеийн сургалт судалгааны төв болгон өөрчлөх чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлснээр багш ажилтан, оюутны сайшаал, талархлыг бүрэн дүүрэн хүлээж байна. Мал эмнэлгийн факультетийг 2001 онд бие даалган МАЛ ЭМНЭЛЭГ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ болгосноос хойш сургалтын аятай орчин бүрдүүлэх, байр байшингаа засаж тохижуулах, орчин үеийн сургалт, судалгааны төв болгон өөрчлөх чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлснээр багш, ажилтан, оюутны сайшаал, талархлыг бүрэн хүлээж байна. Сүүлийн арваад жилд сургалтын орчныг тохижуулах, сургалтын чанарыг дээшлүүлэх талаар нэлээд ажил амжуулсны дотор Мэс засал, нөхөн үржихүйн тэнхим Мерси корпс Монгол олон улсын байгууллагын дэмжлэгээр Мэс заслын хичээлийн өрөөгөө өмнө байснаас илүү нөхцөлтэй болгон сайжруулж чадлаа. Мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн тэнхим Солонгос улсын Койка байгууллагын тусламжаар хичээлийн лабораторио тохижуулан Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн төвшинд хүргэж чадсан юм. Дотрын өвчин, эм судлалын тэнхим Эм бэлтгэлийн цехтэй болж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болгосон нь ч тэмдэглүүштэй ололт билээ. Халдварт, паразиттах өвчин, микробиологийн тэнхимийн хамт олон төсөл хөтөлбөр болон гадаадын их дэээд сургуультай тогтоосон холбоо харилцааны хүрээнд тэнхимээ бүхэлд нь тохижуулсан үр дүнд хүрлээ. Тэнхимүүдийн хамт олон хичээл сургалтын зорилгоо хэрэгжүүлэхийн хамт гадаадын магистр, докторыг сургах боломжтой болсон юм. Сургуулийн сургалтын чанарт эрс өөрчлөлт гаргах, гадаад харилцаагаа өргөтгөх, гадаадаас хөрөнгө оруулалт хийх, гадаадын эрдэмтэд судлаачдыг урьж сургалтанд оролцуулах, гадаадын эрдэмтэдтэй багш нараа хамтран ажиллуулах, мал эмнэлгийн чухал асуудалд хамтын хариу өгөх сургалт явуулах зэрэг олон ажлыг эхлэн хэрэгжүүлж байна. Одоо тус сургууль ОХУ, Солонгос, Япон, Америк, Хятад, Герман, Австрали, Канад зэрэг гадаад орнуудын мал эмнэлгийн сургууль, тэнхимүүдтэй харилцаа тогтоож багш солилцох, ном, сурах бичгийг нь сургалтанд ашигладаг боллоо. Бид сургуулийн сургалтын чанарт эрс өөрчлөлт гаргах, гадаад харилцаагаа өргөтгөх, гадаадаас хөрөнгө оруулалт хийх, гадаадын их, дээд сургууль, хүрээлэн, тэнхим, лабораториудтай хамтран ажиллах гэрээ байгууулах, гадаад дотоодын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдыг урьж сургалт, судалгааныхаа ажилд оролцуулах, багш эрдэмтэд солилцох, мал эмнэлгийн чухал асуудалд хамтын хариу өгөх сургалт зохион байгуулах, багш нараа гадаадад мэргэжлийг дээшлүүлж нарийн мэргэшүүлэх зэрэг олон ажлыг эхлэн хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь: Японы Жайка байгууллагын хөрөнгө оруулалтаар 2011 оноос 10 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн сургалтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэнд” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох “Мал эмнэлгийн сургуулийн багшлах боловсон хүчний чадавхи” сайжруулах дэд төслийн хүрээнд багш нарын чадавхийг сайжруулах зорилгоор хэлний болон сургалт, эрдэм шинжилгээний хэд хэдэн ажлууд хийгдэж эхлээд байна. Одоо тус сургууль нь АНУ, Япон, Канад, ОХУ, БНХАУ, БНАСУ, АНУ, Герман, Франц, Казакстан, Австрали, Вьетнам, Лаос зэрэг улсуудтай хамтын гэрээ байгуулан ажиллаж байна. Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн 70 жилийн ойг тохиолдуулан нийт төгсөгчдөд хүн төрөлхтний хамгийн анхны, хамгийн энэрэнгүй мэргэжил болох малын эмчийн мэргэжилдээ жинхэнэ эзэн нь байж, мал сүргийг өвчнөөс хамгаалах ариун үйлсдээ хөдөлмөр бүтээлийн ариун амжилт гарган эрүүд энх, сайн сайхан амьдрахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн 70 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцэж яваа сургуулийнхаа хамт олон, одоо суралцаж буй шавь нартаа Монгол улсад мал эмнэлгийн боловсрол шинжлэх ухаан үүсэн хөгжсөний 70 жилийн ойн баярын мэнд хүргэж цаашдынх нь хөгжилд улам их хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Малын эмч нарын өлзий буян улам дэлгэрч, өлмий тань бат орших болтугай. Малын эмч нарын өлзий буян улам дэлгэрч, өлмий бат орших болтугай.

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn