Хөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ИИН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 2003 оны 158 тоот тушаалыг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1.3. Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна.

Хоёр. Журмын нэр, томъёо

2.1. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр

дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн.

2.2. Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм, журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/

2.3. Кредит цагийг бүхэл тоогоор илэрхийлэх бөгөөд 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно.

2.4. Нэг хичээлийн кредит 4-өөс илүүгүй байна.

2.5.

2.6. Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/ ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн 40 цагийг 1 кредит гэж үзнэ

2.7. Нэг адил индекстэй (нэртэй) хичээлүүд нэг ижил кредиттэй байна.

2.8. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон кредитийг тогтоох ба агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.

2.9. Тухайн хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг

хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.

2.10. Оюутны сонгуульт ажил, хичээлээс гадуур зохиогдох соёл, хүмүүжил олон нийтийн ажлын идэвхтэй оролцоог харгалзан ирциийн оноонд урамшуулалт оноог оруулан тооцож болно.

2.11. Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.

2.12. Хичээлийн кодчилол: Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн залгамж холбоо, агуулгын гүнзгийрэлт, сонголтын мэдээллийг харуулах зорилгоор хичээлүүдэд үсэг (тухайн хичээлийн англи нэрийн товчлол) ба тоо (тухайн хичээлийн агуулгын гүнзгийрэлт)-гоор илэрхийлэгдэх индекс оногдуулна.

 

 

Гурав. Сургалтын хөтөлбөрийн агуулга

3.1. Дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

3.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрийн боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

3.3. Боловсролын стандартаар суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга, түүний үнэлгээ, багш, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж, баталгаажуулан мөрдөж ажиллана.

3.4. Мэргэжлийн тодорхойлолтоор тухайн мэргэжлээр төгсөгчид тавигдах нийтлэг болон мэргэжлийн онцлог шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгаж уг шаардлагыг хангахад сургалтын төлөвлөгөөний агуулгыг чиглүүлэн боловсруулсан байна.

Дөрөв. Сургалтын төлөвлөгөө, явц

4.1. Сургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, норматив хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалалзалгамж холбоо, сургалт үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын сургалтын үндсэн баримт бичиг мөн.

4.2. Сургалтын төлөвлөгөө нь сургалттай холбоотой дүрэм, журам бусад баримт бичигтэй зөрчилдөхгүй байна.

4.3. Диплом, бакалаврын сургалтын төлөвлөгөөг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн ректор батална.

4.4. Өдрийн хэлбэрээр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 18-аас илүүгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн зөвшөөрөлтөйгөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно.

4.5. Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан, оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар боловсруулагдсан байна.

4.6. Батлагдсан сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн хоорондох залгамж холбоог харгалзан жил, улирлаар хуваарилсан сургалтын санал болгох төлөвлөгөөг боловсруулж, оюутан суралцагчдад зөвлөн туслах ажлыг сургалтын алба, тэнхим, зөвлөх багш нар зохион байгуулна.

4.7. Хичээлийн жил нь үндсэн 2 улирал (намар, хавар), нэмэлт улирал (өвөл, зуны)-аас бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхмын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 2 долоо хоног, нэмэлт сургалтын үргэлжлэх хугацаа 2 долоо хоног байна.

4.8. Нэмэлт сургалт өвөл, зуны улирал нь оюутны хүсэлт, захиалгаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулагдана.

Тав. Сургалтын агуулга, багтаамж, шаардлага

5.1. Мэргэжлийн диплом олгох сургалтын агуулга нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц буюу 90 багц цагаас доошгүй байна. Дараах тохиолдолд оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгоно. Үүнд:

- Оюутан 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан боловч цаашид суралцах шаардлагагүй гэж үзэн оюутан хүсэлт гаргасан

- Судалсан хичээлд F үнэлгээгүй

- Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн

- Оюутан 120-оос доошгүй багц цаг цуглуулсан боловч үнэлгээний голч дүн нь 2.0-д хүрээгүй тохиолдолд олгоно.

5.2. Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулга нь 120 багц цагаас доошгүй байна. Дараах нөхцөл, болзол хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн диплом олгоно. Үүнд:

- Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж нийт 120-оос доошгүй, үүний дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан,

- Үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан байвал зохино.

- Судалсан хичээлд F үнэлгээгүй

- Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн

5.3. Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ, зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж явуулна.

5.4. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамж, норматив хугацааг элсэгчдийн боловсролын төвшин, суралцах хэлбэрээс хамааруулан дараах байдлаар тогтооно.

Тайлбар: * - 5 жилийн сургалттай мал эмнэлгийн хөтөлбөр

- Бакалавр / ижил чиглэл/ гэдэгт өмнө нь эзэмшсэн мэргэжлийн индексийн эхний 2 орон болон бакалаврын зэрэг олгосон чиглэл, нэршил ижил байх тохиолдлыг харгалзан үзнэ.

Өмнө эзэмшсэн боловсролын төвшин, суралцагчийн бэлтгэл, авъяас, чадвараас хамаарч дээрх нормативаас бага хугацаанд тухайн шатны боловсролыг эзэмшиж болно.

5.5. Өдрийн хэлбэрээр бакалаврын шатлалд суралцагч оюутан суралцаж буй чиглэлээрээ хоёр дахь нарийн мэргэжлийг давхар эзэмшихийг хүсвэл 40-өөс доошгүй кредит, өөр чиглэлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмших бол 60-аас доошгүй кредитийн хичээл нэмж сонгон судлахаар сургалтыг төлөвлөнө.

5.6. Эчнээ хэлбэрээр суралцагч нь бакалаврын зэргийн D дипломтой бол 2,5 жил, бусад суралцагч 4,5 жилийн хөтөлбөрөөр суралцана.

Зургаа. Хичээлийн стандарт хөтөлбөр

6.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх ба түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.

6.2. Хичээлийн стандарт хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, цагийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.

6.3. Хичээлийн стандарт хөтөлбөрийг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулан батална.

6.4. Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох оюутан тэрхүү агуулгыг эзэмших үүрэгтэй.

Долоо. Оюутны сурах үйл ажиллагаа

7.1. Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн дараахь байдлаар ангилан нэрлэж, сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагаагаа зохистой төлөвлөж зохицуулахад нь зөвлөмж, чиглэл өгч ажиллана.

Кредит

Ангилал

0-30

Шинэ оюутан

31-89

Оюутан

90-ээс

Төгсөх оюутан

 

7.2. Бүрэлдэхүүний сургуулийн захирал шинээр элсэгч оюутан болон дээрх ангиллаар “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд (хавсралт I), (хавсралт II)-ийн дагуу тушаал гаргана.

7.3. Оюутны сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад зориулсан “Оюутны гарын авлага”-ыг хичээлийн жилийн эхэнд Сургалтын бодлого зохицуулалтын албанаас эрхлэн тэнхим, бүрэлдэхүүний сургууль олгож, WEB-д байрлуулна.

7.4. “Оюутны гарын авлага” мэдээлэлд сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, стандарт, бие даан судлах хичээлийн агуулга, ашиглах үндсэн болон нэмэлт сурах бичиг, сургалттай холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байна.

7.5. Оюутнууд дараагийн улиралд судлах хичээлийг бүлгээр болон оюутан бүр сонгож, “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд багтааж бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд урьдчилан өгнө.

7.6. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба эдгээр саналыг “Сургалтын албаны программ”-д бүртгэж дараагийн улирлын хичээлийн хуваарийг нэгтгэн гаргана.

7.7. Оюутан залгамж холбоотой хичээлүүдийн өмнөх холбоотой хичээлд F болон стандарт бус үнэлгээ авсан бол дараах залгамж холбоотой хичээлийг сонгож судлахыг хориглоно.

7.8. Оюутан сонгосон хичээлийн явц болон нийт суралцсан хугацааны дүн, сургалтын төлбөрийн мэдээллийг “Оюутны программ”-аас өөрийн кодоор орж авч болно.

7.9. Сургалтын санал болгох төлөвлөгөөнд тулгуурлан оюутны хэвийн ачаалалтай хичээлүүдийн залгамж холбоог хангах, “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ыг үндэслэн сонголт хийхэд нь зөвлөх багш зөвлөн тусална.